Алтайн хvрэн цохионы нємєрт хавсаргатай єдєр эхээс мэндэлсэн янгирын бор ишиг наран наашлах тутам хєрвєжин торниж, шєрмєс чангаран туурай хатахын хирээр толгой дээр нь хоёр газар товойж, арьс загатнах болов. Ишиг эхлээд яах гэж загатнаж байгааг vл мэдэн хаданд хааяа vрчихээд л ээвэр газар тагшин тоглож сvрэг даган тачигнаж явах бєлгєє. Удахгvй арьс загатнахаа болиод євдєж эхлэв. Євдєх нь євчин биш зvгээр л нэг хvлээлт биш албан тушаал дэвших гэж байгаа хvнд дээд газрын шийд ирж єгєхгvй удах мэт аятайхан шаналгаа байлаа. Тэг тэгсээр товойсон газар нь vс халцарч арьс нимгэрсээр хоёр хєєрхєн эвэр цухуйв. Энэ vеэс л ишиг тэх болох гэж байгааг там тvм гадарлан урт сvрлэг эвэртэй болохын дон тусчээ.
Тэрээр цохионы орой дахь тогтоол уснаас уух бvрийдээ тугалмай нь бяджаагvй бяцхан эврээ харан харан чамлаж, тэр л єдрийнхєє талыг сэтгэл гунин єнгєрєєх болжээ. Шvдлэн насанд эвэр нь овоо хэвээ олж дугуйран, хэдэн сайхан эржгэртэй болоод vзvvр нь шовхорч ирэв. Аргил тэхийн долоон тєє эвэр, эцэг тэхийн таван тєє эвэр гадаад анчны ганзага мялааж Берлин, Парис одсон болохоор эдvгээ бор халиун сvрэгтээ эхний дєрєвт орох болжээ. Энэ нь хэдийгээр шvдлэн ямаанд багадахааргvй байр суурь боловч сvрэг тэргvvлэх хvсэлд эрт донтсон залуу янгирт шившигтэй санагдана. Нэгэн єдєр янгирын сvрэг байрлал солих болж хавцлын ирмэг нарийн жимээр бэдрэв. Янгирын хуулиар бол ганц ганцаар цувран явах ёстой боловч эх янгир бор шvдлэнг туурай гvйцэд хатаагvй юм хэмээн хамгийн хавцал талаас нь тvшиж явлаа. Удаан ургаж байгаа эвэр, ургаж ядсан цаг хугацаа хоёрыг зvхэн бухимдаж явсан залуу янгирын цус дээшээ огшин эврийн vзvvрт халуу оргин чинэрээд ирэв. Хадан хана руу хадарч орхивол яс тугалмай янгинан тархи дvйрээд уурандаа эргэж эхийн бєєр лvv сэжив. Санаандгvй явсан эх янгир ганц тэрсхийгээд хавцлын харанхуй руу пижигнэн одоход залуу янгир айсан ч vгvй, ичсэн ч vгvй гэмшсэн ч vгvй гагцхvv яах гэж тэр хєгшин зєнєг цувж явалгvй зэрэгцэн чихэлдээд байсанд л баахан гайхаж, зай чєлєєтэй болсонд баярлаж бєлгєє.
Эхээ ольсон эврийн vзvvрт арьс vл шалбарч, дусал цус наалдаад байвч залуу янгирт анхаарч мэдэх зав байсангvй. Харин хожим нь тогтоол уснаас уухдаа тольдон харахад тэр талын эвэр арай дотогшоо дугуйраад байгаа нь ажиглагдах болжээ. Хоёр єєр эвэртэй байх нь сvргийн тэргvvний сvр хvчинд сайнгvй ч гэсэн урт л ургаж байвал учиртай гэж тэр бодно. Хоёр жил єнгєрлєє. Дахиад хоёр тэх ногоон мєнгєний золиосонд одож, бор халиун сvргийн тэргvvнтэн болоход ганц хуруу дутав. Гэвч тvvнд тэргvvн болохын хvслэнгээс єєр нэг бодох юм бий боллоо. Юу гэвэл нєгєє дотогшоо дугуйрсан эврийн vзvvр явсаар чамархайд тулжээ. Яагаад тэгснийг тэрбээр яаж ч бодоод эс ухаарна. Эвэр хэдхэн сарын дотор араасаа хонхойлгон дарж євтгєх болов. Тэгснээ арьс цоороод цус шvvс гоожиж ялаа батгана салахаа болилоо. Залуу янгир дэндvv хурдан ургаж байгаа эвэр хайр найргvй довтолгох цаг хугацаа хоёрыг зvхэн бухимдавч эвэр хэдvйнээ маханд шигдэн оржээ. Бусдын эвэр толгой тойрон ургаж, эсвэл дээшээ сэрийж байхад миний эвэр яагаад ...? хэмээн тэрбээр шаналан бодовч хариу vл олдоно. Эвэр ургасаар ясаа цоолов. Тэсгэлгvй євдєхийн манан дотор "яагаад" гэсэн асуултын хариу тєєрсєн янзага шиг сvvтийвч бие нь vл баригдана.
Эвэр тархиндаа тулжээ. Тархины бор хальс цоорох хоромд л "Миний эвэр буруу ургажээ" гэсэн там тумхан ухаарал янгирын толгойд нэг орж ирээд vvрд замхарсан нь шувуу суунгуут vргэн нисэхийн адил бєлгєє.
Жагдалын Лхагва /Улаанбаатарын сонин/